Tuesday, July 26, 2011

Тайлагдашгүй оньсогууд

Рейхстагийн оройд хэн туг мандуулсан бэ?


Нацистуудын тугийг буулган авч оронд нь ЗХУ-ын далбааг мандуулсан хүмүүс бол Рагимзан Кошгарбаев, Георгий Булатов нар байв. 1945 оны дөрөвдүгээр сарын 30-нд германчууд нацист дэглэмийн сүүлийн цайз болох Рейхстагаа хамаг хүчээрээ хамгаалан тэмцэж байх үед суман мөндөр дунд хоёр эр ялалтын тугаа мандуулж дөнгөжээ. Сонирхолтой нь энэ хоёрт тугийг соль гэж хэн ч үүрэг өгөөгүй байдаг. Харин тэдний дараа буюу 30-ны өдрийнхөө 22 цагийн үед туг мандуулж, харанхуйд үр дүн нь харагдаагүйгээс тэгтэл амжилт олж чадаагүй Михайл Петрович Минин, Сталинтай нутаг нэгтэн гэдгээрээ тавдугаар сарын 2-нд туг мандуулан алдаршсан Мелитон Варламович Кантария нарыг хүмүүс мэддэг, тэд ч төрөөс гавьяа шагнал хүртэж байсан гэдэг. Зөвхөн Евгений Халдей хэмээх (1917-1997) дэлхийн хоёрдугаар дайны үеийн гэрэл зурагчны авсан хальсанд үлдсэнээр нь хүмүүс тэднийг хайж эхэлсэн билээ. Энэ бол олон жилийн дараа болсон хэрэг юм. Георгий Булатовын тухай дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй. Харин Рагимзан Кошгарбаев нь 1924 онд төрсөн казах эр байлаа. Түүний эцэг нь Зөвлөлт засгийн дайсан гэгддэг байсан учраас түүнийг хэзээ ч шагнаж байгаагүй юм. Дайны дараа тэр Алма-Аты хотод нэгэн зочид буудлын даргын албыг хашиж байжээ. Хэдийгээр Рейхстагийн оройд жинхэнэ тугаа мандуулж чадсан тэд тухайн үедээ шагнуулах байтугай эцгийнхээ өмнөөс толгой гудайж явсан ч түүх үргэлж үнэнийг эрж бас шагнаж чаддаг учраас нэр нь түүхэнд үлдэж хоцорчээ. Сталинтай нутаг нэгтнээрээ энэ гавьяаг үүрч, ЗХУ-ын баатар болж асан Мелитон Варламович Кантариягаас илүү тэдний нэрийг түүх өөрийн хуудсандаа цаашид ч үлдээх нь тодорхой.

Өнгөрсөн долдугаар сарын 1-нд Монголд болсон МАХН-ын байрыг галдан шатаасан хэрэг явдлын үеэр нэгэн залуу гал гарч байсан цагаан байрны дээр гарчихсан, коммунист намын гал улаан таван хошуу байснаа сарнай болон хувирсан тугийг ихээхэн дайсагнан авч доош шидсэн билээ. Тэр залуугийн хувьд Рагимзан Кошгарбаев шиг л хориодхон настай залуу байсан байх. Телевизийн бичлэгт нүүр царай нь тод үлдсэн тэр залуу одоо магадгүй Ганц худагт байцаагдаж, бас шалгагдаж байгаа биз ээ.


Төв Азийн цээжин дэх коммунист цайзыг жагсаалаас гаргахад гар бие оролцсон энэ залуу бусдынхаа адил зандалчилсан хэрэгтээ бас ч үгүй хэдэн жилийн ял сонсоод гарах байх. Түүх үйл явдлаас дандаа хоцордог. Харж л байгаарай. Хэрэв Монголд ардчилал төгс төгөлдөр ялах, хүмүүс үзэл сонголтоо чөлөөтэй илэрхийлдэг тэр сайхан цаг ирэхэд энэ залууг хайх нь дамжиггүй. Өнөө цагт ээжийгээ уйлуулж, аавыгаа дуугаа хураахад хүргэж байж болох ч Монголын түүхийн хуудаснаа нэг их удалгүй алтан үсгээр түүний нэр бичигдэх болно. Тэр цагт энэ залуу ком­мунизмын зүүн захын цайзыг хэрхэн нурааж дараа нь яаж зовсноо хойч үед хуучлах биз ээ. Хүний бүх л түүхэнд хүний хувь заяа ийн өрнөдгийг олон баримтаас бид олж уншсан. Түүхийг хэн нэгэн бичдэггүй, түүх өөрөө үлдээх зүйлээ л бичдэг билээ.







Хүн-химерчууд


Удам зүйн шинжилгээ өгтөл та хүүхдүүдийнхээ ээж биш болох тохиолдол байдаг аж. Гэтэл та тэднийг төрүүлж, өсгөсөн байдаг. Энэ нь шинжлэх ухааны уран сэтгэмж биш юм. Ийм тохиолдол дэлхийн хэд хэдэн оронд гарч байжээ. Эх нь энэ тохиолдолд хүн-химер болон хувирдаг байна. Энэ нь нэгэн биед хоёр хүн байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл таны ихэр болох ураг нь өөр эхийн өндгөн эсээс бүрдсэн байх жишээтэй. Хорвоод ийм хүн хэр их төрдөг талаар бид мэдэхгүй билээ. Гэвч орчин үеийн анагаах ухаанд хиймэл аргаар үр тогтоох болсон нь ийм үзэгдэл олноор бий болгоход хүргэж болзошгүй гэнэ.



Сонирхолтой тоо баримтууд

Сүүлийн 10-15 жилд дэлхийн улсуудын газар зүйн байрлал, өөрчлөгдөж шинээр хэдэн арван орон бий болж, улс төрийн тогтолцоо, үндэстэн хоорондын харилцаанд маш том өөрчлөлт орсон. Энэ нь хамгийн түрүүнд дэлхийн эдийн засагт нөлөөлсөн юм. Өнөөдрийн байдлаар албан ёсны мэдээллээр манай дэлхий дээр 230-аад улс орон байдаг. Түүнээс 192 нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын гишүүнээр элсчээ.


Тус байгууллагаас манай дэлхийн хүн амын өсөлтийн талаар тусгайлан судалгаа явуулдаг аж. Мөн АНУ-д ч тэр чиглэлээр дагнан судалгаа явуулдаг албатай юм. Статистикийн хамгийн сүүлчийн мэдээгээр манай дэлхий дээр 6.2 тэрбум хүн амьдарч байгаа гэнэ. НҮБ-аас мэдээлснээр нэг өдөрт 250 мянган хүүхэд мэндэлдэг юм байна. Хүн амынхаа тоогоор Ази тэргүүлдэг буюу нийт хүн амын 56 хувь нь тус тивд амьдардаг юм байна. Мэргэжилтнүүдийн судалгаанаас үзэхэд 2050 он гэхэд Европ болон бусад хөгжилтэй орнуудын хүн ам нэлээд багасах гэнэ. Өнгөрсөн жилийн судалгаанаас үзэхэд дэлхий дээр 10 саяас илүү хүн амтай 20 хот байдаг бөгөөд хоёр жилийн дараа 22 болон нэмэгдэх юм байна. 28 сая оршин суугчтай Токио нь хамгийн олон оршин суугчтай. Түүний дараа 18 сая хүнтэй Бразилийн Сан-Паулу, гуравдугаарт 17.5 сая оршин суугчтай Шанхай ордог аж. Статистикийн судалгаанаас үзэхэд хөгжиж байгаа орнууд хүн амын өсөлтөөрөө ойрын жилүүдэд дэлхийд тэргүүлэх аж. 1990-ээд онд дэлхийн нийт хүн амын 14 хувь хот суурин газар амьдарч байсан бол өнөөдөр бараг тэн хагас нь хот суурин газар амьдрах болсон.



Манай дэлхийн хамгийн Үнэтэй зҮйлс


Одоогоос хэдэн сарын өмнө ээж болсон Холливудын нэрт жүжигчин Женнифер Лопес манай дэлхийн хамгийн үнэтэй эмэгтэй юм байна. Тэрбээр өөрийнхөө биеийг Нью-Йоркийн нэгэн даатгалын компанид нэг тэрбум ам.доллараар даатгуулжээ. Үзэгчдийн сайн мэдэх "Титаник" киног бүтээхэд нийт 200 сая ам. доллар зарцуулсан бөгөөд хамгийн өндөр өртгөөр бүтсэн кинонд тооцогдсоор байна. Тэгвэл "Pepsi" компани нь хамгийн үнэтэй сурталчилгаа хийлгэжээ. 2002 онд тус компани 92 секундын телевизийн сурталчилгаа хийлгэсэн. Түүнд тоглосон нэрт дуучин Бритни Спирс 7.53 сая ам.долларын хөлс авсан байна. Харин сонгуулийн сурталчилгаанд хамгийн их мөнгө зарсан нь Майко Блумберг юм. Тэрбээр 2001 онд Нью-Йорк хотын даргад өрсөлдөхдөө 744 757 ам.доллар зарцуулжээ. Манай дэлхийн хамгийн үнэтэй зочид буудал нь Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Дубай хотод байдаг. "Burj Al Arab"-ын ердийн өрөөнд нэг хоноход 770 еврогийн үнэтэй. Дээдчүүдэд зориулсан апартмент нь хоногийн 7700 еврогийн үнэтэй гэнэ. Одоогоос яг арван жилийн өмнө Францын хөлбөмбөгийн шигшээ баг нь дэлхийн аварга болсон билээ. Уг тэмцээн нь Парис хотод болсон бөгөөд түүнд зориулан "Stade de France" цэнгэлдэх хүрээлэнг барьсан юм. 460 сая еврогоор боссон уг цогцолбор нь дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог.


Одоо бидний өдөр тутам хэрэглэдэг хүнсний талаар хэдэн сонирхолтой тоо баримт дурдъя.


Түүхэн баримт бичгүүдээс үзэхэд хаан Цезарь Италийн Помпей хотыг эзлэн авчихаад 22000 ширээ засч 150000 зочин урьж хоёр хоног найрласан байна.


МЭӨ 69 онд Ромын эзэн хаан байсан Вителлус гэгч нэг өдөрт 1200 фунт стерлингийн хүнс хэрэглэдэг байжээ. Тэр өдөртөө 1000 ширхэг хясаа болон бусад амттаныг иддэг байсан гэнэ. Хэтэрхий их иддэг байсан түүнийг Ромын оршин суугчид хаанаас огцруулж амийг нь хороогоод цогцсыг нь Тибр голд хаясан байна. Харин 1199 онд Английн хаан ширээнд заларсан Жон зул сарын баярыг түүнээс дутахааргүй тансаг тэмдэглэсэн байна. Баярт уригдсан зочдод зориулан 900 литр янз бүрийн нэр төрлийн дарс, 400 үхрийн мах, 200 загас зэргийг хэрэглэсэн гэдэг. Харин өнөө үед хүнсний салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд нь хэдэн тэрбум ашиг олдог гэнэ. Зөвхөн АНУ-д гэхэд хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаанд нэг жилд 33 тэрбум ам.доллар зарцуулдаг. Эдгээр хүнсний дийлэнх нь тос, давс, элсэн чихэр нэлээд хэмжээгээр агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Тус улсын Үндэсний хорт хавдрын хүрээлэн нь ногоо, жимс хэрэглэж байхыг уриалсан сурталчилгаандаа жилд нэг сая ам.доллар зарцуулдаг аж. Гэтэл хүний эрүүл мэндэд хамгийн их сөргөөр нөлөөлдөг хийжүүлсэн ундаа үйлдвэрлэгчид олдог ашгаараа АНУ-д төдийгүй дэлхийд тэргүүлсээр байна. Зөвхөн 1997 онд гэхэд америкчууд кока-кола зэрэг ундаанд 54 сая ам.доллар заржээ.

Харь хэлний аялгаар ярих хам шинж


Хэдийгээр ховор ч ийм тохиолдол бас гарсаар байдаг аж. Урьд нь та хэзээ ч Ямайка аралд очиж байгаагүй ч нэг өглөө сэрэнгүүтээ ямай аялгаар ярих гэнэ. Анагаах ухаанд үүнийг харь хэлний аялгаар ярих хам шинж хэмээдэг. Ийм тохиолдол анх 1941 онд Норвегид гарч байжээ. Тэр үед норвеги эмэгтэй бөмбөгөнд өртөж, ухаан алджээ. Ухаан орох үедээ тэрээр герман аялгаар ярьж эхэлсэн байна. Зарим судлаач үүнийг цус харвасан аль эсвэл шархадсанаас тархин дахь хэл ярианы төв гэмтсэнээс үүдэлтэй гэж үздэг байна.




Моргеллоны өвчин


Өвчний шинж тэмдэг нь загатнасан хэсгийн арьсны ширхэг өсч томрох. Үүний улмаас маш их өвдөлт үүсч, үрэгдэх мэдрэмж төрдөг гэнэ. Өөрөөр хэлбэл тухайн хүндээ энэ нь ямар нэгэн шимэгч хорхойгоор халдварлагдсан мэт сэтгэгдэл төрүүлдэг байна. Уг өвчнөөр дэлхийн хэдэн мянган хүн өвчлөөд байгаа хэдий ч одоог хүртэл эрдэмтэд шалтгааныг нь тодруулж чадаагүй байна. Ийм өвчтөнүүд загатнаж байгаа газарт хорхой байгаад бат итгэлтэй байдаг бөгөөд тэр нь тэсвэрлэхийн аргагүй өвтгөж байна гэж дэмийрдэг аж. Зарим эрдэмтэд үүнийг Agobacterium хэмээх ургамалд хавдар үүсгэдэг нянтай холбож тайлбарладаг байна.





Георг хааны солиорол


Их Британийн хаан Георг III нь сэтгэцийн өвчнөөр өвдөж байжээ. Тиймээс түүнд номхруулдаг цамц өмсгөдөг байсан байна. Эрдэмтэд түүний өвчний шалтгааныг удмын гаралтай өвчин болох порфиригээр өвдсөн гэж үздэг байжээ. Харин саяхнаас энэ нь тийм биш байсныг судлаачид олж тогтоосон байна. 2005 онд Георг хааны үснээс авсан шинжилгээгээр их хэмжээний хүнцэл илэрчээ. Хаанд өгч байсан эмийн бэлдмэлд хүнцэл ихээр агуулагдаж байсан нь өвчнийг улам хүндрүүлсэн байна.





Өмхий хуруу


"The Lancet" сэтгүүл 1996 оны нэгэн дугаарт нэгэн эмч зөвлөгөө авахаар хандсан өгүүллээ нийтлүүлжээ. Түүндээ 29 настай эрийн хуруунаас өмхий үнэртээд удаж байгаа талаар өгүүлсэн аж. Уг эр эмчид хандах үеэр эвгүй үнэр хол зайнаас мэдрэгдэж байсан гэнэ. Тиймээс өвчтөнийг битүү өрөөнд үзэх боломжгүй байсан байна. Үнэр гарах болсон шалтгааныг мань эр олон жилийн өмнө тахианы ясанд хатгуулснаас үүдэлтэй хэмээжээ. Эмч өвчтөнд ямар ч эмчилгээ хийгээд үр дүнд хүрч чадаагүй байна. Тиймээс дээрх өгүүлэлдээ мэргэжил нэгт нөхдөдөө хандан уг өвчнийг хэрхэн эмчлэх тухай зөвлөгөө авахыг хүсчээ. Сонирхолтой хариулт нь түүний гайхлыг төрүүлсэн аж. Урьд нь ийм өвчтөнтэй тохиолдож байсан эмч түүний адил арга хэмжээ авсан ч бас үр дүнгүй байсан гэнэ. Тодорхой хугацааны дараа өвчин нь өөрөө гэнэт алга болсон тухай өгүүлсэн байжээ.





Хүн-мод


Индонезийн баруун Явад амьдардаг Дэдэ гэгч эрийн хөл гар нь модны салаа мөчиртэй адил аж. Өөрөөр хэлбэл хагас хүн, хагас мод мэт харагддаг байна. Анагаах ухаан саяхнаас уг өвчний шалтгааныг илрүүлжээ байна. Түүнийг дархлалын хомсдолд хүргэдэг папиловирусээр халдварласан нь олж тогтоосон байна. Иймээс түүнийг эмчлэх боломжтой болоод байгаа ажээ.

No comments:

Post a Comment