Tuesday, July 26, 2011

Монгол хөвгүүдийн эр зоригийг алдаршуулсан итали дуурь

Жүжгийн үйл явдал дорно дахины үлгэрийн хот Бээжинд болно. Хятадын хааны гүнж Турандот сайн эрсийн дунд гурван таавар таалгах бөгөөд тааврыг нь эс таасан хэн боловч толгойгүй болох аж. Персийн хаан хүү эл харгис явдлын золиос болж толгойгоо авахуулах үест хаан эцэгтэйгээ уулзахаар ирсэн Монголын хан хүү Калаф уг тааврыг таахаар зориглон очно. Калаф ханхүүгийн энэ зоримог алхмыг түүний эцэг Төмөр хаан, ордны сайд, түшмэд болон мөн зарц бүсгүй Лю нар хичнээн хоригловч ханхүү зорьсондоо заавал хүрнэ хэмээн андгайлна. Хятадын хааны ордны өмнө хүмүүс цугларч үл таних ханхүүг эндээс бушуу явахыг шаардана. Тийн байтал Хятадын хаан, шадар сайдуудын хамт ирж, охин Турандотдоо таавраа таалга гэж айлдана. Турандот ханхүүг хараад "Би энэ ертөнцийн эр хүн бүхнийг үзэн яддаг. Намайг балчир байхад яг чам шиг царай зүстэй хүмүүс биднийг дайлаар ирж, эзэлж дээрэмдээд нүдний минь өмнө эмэг эх, ээж хоёрыг минь алсан тэр мөчөөс хойш би эр хүн бүхнийг үзэн ядаж тэднээс өшөөгөө авдаг болсон" гэж хэлээд гурван таавраа хэлнэ. Ордонд Монголын ханхүү нэр нь үл мэдэгдэх нэгэн. Тэрбээр эхнийх нь "найдвар", хоёр дахь нь "зүрхний цус", гурав дахь нь "хайр дурлал" хэмээн тааврын хариуг үнэн зөв хариулна. Ингээд ханхүү Турандот гүнжид хандан "Та гурван таавраа миний амьтай дүйж таалгасан. Одоо би нэг таавар таалгая.

Хэрвээ тааврыг тайлж чадвал таны санаснаар болог, эс тайлбал та минийх болно" гээд "Миний нэр хэн бэ, хаанахын хүн бэ?" хэмээн асууж хариуг хүлээнэ. Хятадын хааны ордныхон шөнөжингөө сандран ханхүүгийн асуултын хариуг эрсэн боловч ханхүүг хаанахын хэн бэ гэдгийг олж мэдэж чадсангүй. Үүр цайж Турандот гүнж Калафын тааврын хариуг хэлэх цаг болно. Гүнж албатууддаа зарлиг буулгаж Төмөр хааны зарц Лю бүсгүйг авчран байцаах боловч тэр Монголын хан хүүд хайртай гэдгээ хэлээд түүнийхээ нэрийг хэнд ч хэлэхгүй хэмээн өөрийгөө хорооно. Монголын хан хүү Калаф хайр дурлалын дуу дуулан Турандот гүнжийн хүйтэн цэвдэг сэтгэлийг уяруулан, уй гашуу, харгис аллагын өмнө хүчин мөхсдөн байсан олон түмэнд итгэл найдварыг нь эргүүлэн авчрахад хуран цугласан олон түүнийг ерөөн алдаршуулан дуулж дуурь төгсөнө. Монголын ханхүүд зориулан дуулах тэр дуунд "Мөнхийн амьдрал, их хайрын хүч, амьдралын баяр баясгалан. Бид чамайг алдаршуулъя" гэж дуулсан байдаг. Энэ дуурийг ДБЭТ анх 1990 онд тайзнаа тавьснаас хойш тасралтгүй тоглосоор байна.


Пуччинийн хувийн амьдралаас цухас сонирхоход, тэрбээр 1880 онд Миланы хөгжмийн консерваторт элсэн орж гурван жил суралцаад 1884 онд анхны дууриа бичсэн байна. Энэ үедээ төрөлх Лукка хотынхоо нэгэн худалдаачны эхнэр Эльвира Жеминанитэй танилцаж, хоёр жилийн дараа тэд хүүтэй болцгоожээ. Эльвирагийн нөхөр 1904 онд нас барсны дараа тэд гэрлэсэн байна. Гэрлэснээсээ хэдхэн жилийн дараа Пуччини зарц бүсгүйтэйгээ амрагийн холбоотой болсон нь түүний амьдралд хар толбо үлдээсэн байдаг. Учир нь Пуччинийн энэхүү дурлалын паян олонд ил болж, эхнэр Эльвира нь тэр бүсгүйн эсрэг шүүхэд зарга мэдүүлж нэлээд дуулиан тарьсан байдаг. Хүнд байдалд орсон зарц бүсгүй амиа хорлож, Пуччини сэтгэл санааны хүнд дарамтад орж байв. Гэсэн хэдий ч дуулианыг үл хайхран тэр л үедээ Пуччини "Өрнөдөөс ирсэн бүсгүй" дууриа бичсэн. Их зохиолч 1923 онд сүүлчийн бүтээл болох "Турандот" дээрээ ажиллаж байхдаа хүндээр өвчилж дараа жил нь нас барсан. Тэрбээр улаан хоолойн хорт хавдраар өвчилсөн байжээ. Брюссельд цацраг туяаны эмчилгээ хийлгэж, эмчилгээ нь ч нэлээд үр дүнтэй байсан боловч гэнэт зүрхний шигдээсээр амьсгаа хураасан байдаг. Цаг ямагт дууриар "өвчилж" агуу бүтээлүүдээ ар араас нь төрүүлж байсан энэ их хүн "Турандот" жүжгээ дуусгаж чадаагүй бөгөөд жүжгийн төгсгөлийг тэр үеийн Италийн хөгжмийн зохиолч, Пуччинийн ойрын нөхөр Франко Альфано бичиж дуусгасан байдаг. Пуччини маш дурламтгай, сэтгэлийн их эмоцитой, хүчтэй романтик хүн байсан бололтой. Тэрбээр "Би бараг үргэлж дурлаж байдаг" гэж нэгэнтээ тэмдэглэж байжээ. Эмэгтэй хүний сэтгэлзүйг нээх гэсэн эрмэлзэл нь түүний хувьд жүжгүүдийнх нь гол чухал сэдэв болдог байв. "Богема" дуурийн Мими, "Тоска" дуурийн Тоска, "Чио Чио сан" дуурийн япон хатагтай, "Турандот" дуурийн хятад гүнж Турандот эд бүгдээрээ "хүн төрөлхтний эмэгтэйчүүдийн хэсэгт" хийсэн Пуччинийн нээлт гэж болно. Эдгээр хүүхнүүдийн дүрээр бүсгүй хүний дотоод ертөнцийг тэрбээр гайхалтай уран тансагаар дүрсэлсэн байдаг юм. Энэ дуурийг зохиогч нь нас барснаас хойш хоёр жилийн дараа 1926 онд анх Миланы теарт тавьсан. Анх тавихад нь домогт удирдаач Артуро Тосканини удирдан тоглуулсан бөгөөд тоглолтын сүүл хэрд зогсч үзэгчдэд хандан "Яг энд үхэл агуу их хүнээс үзгийг нь булаасан юм" хэмээгээд хэдэн хором чимээгүй зогсч Пуччинид хүндэтгэл үзүүлсэн гэдэг. Үүнээс хойш дэлхийн аль ч театрт "Турандот"-ыг удирдан тоглуулсан ямар ч удирдаач дээрх жишгийг дагадаг уламжлал тогтсон юм. Одоо ч удирдаач нар энэ уламжлалыг алдалгүй дагасаар байгаа. Харин манай ДБЭТ-т ийм явдал харагддаггүй юм билээ. Тус театр энэ жүжгийг 1990 онд тайзнаа анх тавьсан. Анх тавихад нь Хятадын гүнж Турандотод ардын жүжигчин Б.Жавзандулам, Монголын ханхүү Калафт МУГЖ Дамдинсүрэн дуулсан юм. Манай үеийн сопрано хоолойтны үлгэр дуурайл болсон Б.Жавзандулам гуайгаас өөр нэг ч сопрано одоогоор энэ дүрд дуулаагүй байна. Мөн гавьяат Дамдинсүрэн ч монгол ханхүүгийн дүрээ одоогоор хэн нэгэнд "шилжүүлэээгүй" байгаа юм.


"Турандот"-ын өөр нэг сонин гэвэл, тавигдсанаасаа хойш дэлхийн томоохон театруудад өдөр бүр тоглогдсоор байгаа жүжгүүдийн нэг. 1958 онд Пуччинийн мэндэлсний зуун жилийн ойг дэлхий даяар тэмдэглэхэд өдөр бүр тоглогдож буй арван дуурийн дөрөв нь түүнийх болохыг зарлаж байжээ. Энэ дөрвийн нэг нь мөн л "Турандот". Монгол эр хүний дүрийг тодхон харуулсан Пуччинийн энэ жүжигтэй холбоотой сонин содон баримтууд энэ мэтчилэн мөддөө дуусахгүй хөвөрнө. Эцсийн бүлэгт Европын сонгодог дуурьт монгол баатар байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй байж болох юм. Тиймээс гайхах ч магадгүй. Гэхдээ хүн төрөлхтний амьдралд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, түүхийг "бужигнуулж" явсан ганц хоёрхон үндэстний нэг яах аргагүй монголчууд. Энэ үүднээс нь монгол үндэстний тухай дэлхийн урлагийн агуу их хүмүүс сонирхон, бүтээл туурвилдаа мөнхлөн үлдээсэн нь зүйн хэрэг биз ээ. Монголын их эзэнт гүрний баатар эрчүүдийн дэлхий даяар дуурссан суу алдрын нэгээхэн хэсэг ийнхүү "Турандот" жүжгээр дэлхийн урлагт мөрөө үлдээсэн түүх ийм.

No comments:

Post a Comment